Богд сумын оны шилдэгүүд тодорлоо

Улиран одож буй 2024 он  сумын нийгэм эдийн  засгийн амьдралд өөрийн гэсэн өнгө төрхийг үлдээсэн нэгэн жил өнгөрч байна.  Өнгөрч буй  онд  улс, аймаг, сумын орон нутгийн хөгжлийн сангийн  хөрөнгөөр  нийтдээ 4.0 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлууд хийгдсэн байна. Богдчууд бидний сүүлийн 45 жил ярьсан, хүсэн хүлээсэн томоохон бүтээн байгуулалт биелэлээ олж Түйн гол дээгүүр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 65.0 метр  төмөр бетонон гүүр баригдаж ашиглалтад орлоо. Нөгөө талаар  сумын  100 жилийн  түүхэнд анхдагч гэж хэлж болох үйл явдлууд  тохиолдсон бөгөөд  тус сумын уугуул  Аж үйлдвэрийн гавьяат ажилтан  Ч.Ганцэцэг  Монгол Улсын хөдөлмөрийн баатар цолоор, ОБЕГ-ын хурандаа  Думаагийн Намсрай “Бригадын генерал” цолоор  , тус сумын харъяат ШШГГ,Сүлд спорт хорооны бөх Энх-Амгалангийн Өлзийбаяр үндэсний бөхийн аймгийн “Арслан” цол   хүртжээ.

 Эрдэнэт  сүргийн эзэд эрхэм хүндэт малчид төлчдийн маань шаргуу хөдөлмөрийн үр дүнд  мал сүрэг маань 2024  эцэст 5  төрөл дээрээ  өсөж  ноднингийн мөн үеийн малаа 8000 мянган толгойгоор  өсгөж,  220.8 мянган  малтай болсны зэрэгцээ  222 тэмээгээр  5 дугаар багийн малчин Тогоохүүгийн Буяндэлгэр, 180 адуугаар 2 дугаар багийн малчин  Төмөрбаатарын  Түвшинтөр, 390 үхрээр  2 дугаар багийн малчин Баярын  Жаргалсүрэн, 110   хониор  2 дугаар багийн малчин Төмөрбаатарын Түвшинтөр,  1248 ямаагаар  мөн 2 дугаар багийн малчин Баярын Жаргалсүрэн  нар тэргүүлсэн  бол  нийт  малын  тоогоор  2  дугаар багийн аймгийн аварга  малчин Баярын Жаргалсүрэн  2031 мал тоолуулж  21  дүгээр  зууны 2 дахь 2000 т малчнаар  тодорсон байна. Эрдэнэт  сүргийн эзэд эрэлхэг малчиддаа халуун баяр хүргэе.

 Нийгмийн салбаруудын үйл ажиллагаанд ахиц  дэвшил гарч  Г.Тунгалаг эрхлэгчтэй Соёлын төв техник хэрэгслийн шинэчлэл хийгдэж  мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсанаар хүүхэд залуусыг хөгжүүлэх дугуйлан сургалт хичээллүүлэн Баянхонгор аймагт зохион байгуулагдсан “Өвлөн бүжье”-2024” уралдаанаас 1 хамтлаг гранпри, 1 хамтлаг аваргын алтан медаль, 1 хамтлаг мөнгөн медаль хүртэж нийлбэр дүнгээр  “ШИЛДЭГ СОЁЛЫН ТӨВ” –өөр  шалгарчээ. Одоо  мэргэжлийн морин хуурч тус сумын уугуул Мэгдоржийн Түмэнбаяр багш морин хуурын дугуйланг амжилттай хичээллүүлж ирэх онд тохиох 100 жилийн ойгоор  хамгийн багадаа 30 морин хуурч 100 уртын дууч бэлтгэхээр  үүрэг аваад ажиллаж байгааг  дуулгахад таатай байна. Мөн Содура  хэмээх  Содномпил багш маань  бүжгийн дугуйланг амжилттай хичээллүүлж 100 жилийн наадмын талбайг цэцэг мэт бүжгийн хүүхдүүдээр чимэх ажилдаа  шамдан орсныг  мөн дуулгахад таатай байна. Багш нартаа ажлын амжилт хүсэн ерөөж баяр хүргэе ээ.

А.Цэцэгбадам эрхлэгчтэй Эрүүл мэндийн төвийн хамт олон урьд оны ажлаа бататгсаны зэрэгцээ урьдчилан сэргийлэх үзлэгийг 45 хувьд хүргэж, эрт илрүүлэгийн хамтрагдалт 52,2 хувьтай байж, эх хүүхдийн эндэгдэлгүй ажиллажээ.

Т.Болортуяа эрхлэгчтэй Хүүхдийн цэцэрлэгийн хамт олон үйл ажиллагааны үнэлгээгээр  87 хувьтай  үнэлэгдсэний зэрэгцээ  сургуульд  бэлтгэгдсэн байдлын  үнэлгээгээр  аймагтаа тэргүүлсэн бол, Л.Бумтирмаа  захиралтай  12  жилийн сургууль  үйл ажиллагааны үнэлгээгээр 86.8 хувьтай үнэлэгдэж багш  С.Баярмаа, Б.Төмөрбаатар нар  түүх, нийгмийн ухааны төрөлжсөн  олимпиадаас  хүрэл медаль, монгол хэлний олимпиадад багш Алтансүх 4 дүгээр байр, бэлтгэсэн шавь С.Тамир, Ч.Далайцэрэн нар тус бүр 3 дугаар байр, физикийн олимпиадад   11 дүгээр ангийн сурагч  Ц.Тогтохням   хүрэл медаль, НТБ-ын арга зүйч Ц.Отгонсүрэн “Ур чадвар -2024” уралдааны аймгийн аварга болсны  зэрэгцээ  Ж.Уламбаяр  дасгалжуулагчтай  эрэгтэй мини баг аймгийн аварга, U16 насны баг тамирчид мөнгө, хүрэл медалийн эзэн болсон бол U12 насны  эмэгтэй баг тамирчид өчигдөрхөн улсын аваргын алтан медалийн эзэн болсныг дуулгахад таатай байна. Амжилт гаргасан бүх багш нар хүүхдүүдэд болон Ж.Уламбаяр  багшдаа онцгойлон  баяр хүргэж нийт иргэдийнхээ нэрийн өмнөөс эрүүл  энхийг хүсье ээ.

2024-12-31 00:00:00